Гадаад хэлийг амархан сурах хамгийн гол хүчин зүйлс

Гадаад хэл сурах зөвлөмж санал бодол

Авах хүнд ганц үгч тусыг өгнө Хаях хүнд мянган үгч тусыг эс үзүүлнэ. 
Хамгийн шилдэг арга Олон хүн гадаад хэл сурах хамгийн шилдэг арга юу байна гэж эрэлхийлдэг. Энэ нь зүйн хэрэг юм. Гэвч гадаад хэл сурах хамгийн шилдэг арга бол зөвхөн танд л байгаа. Гадаад хэлийг сурахад шаргуу хөдөлмөр, ухамсартай үйл ажиллагаа, гадаад хэлийг сурах чин хүсэл эрмэлзэл, тэвчээр хатуужил чухал. 

Юунаас эхлэх вэ? Энэ асуултанд хүмүүс янз бүрээр хариулдаг. Гадаад хэл амжилттай сурсан ихэнх хүмүүсийн үздэгээр эхлээд сурах бичиг уншиж, үзэхгэж байгаа хэлнийхээ дүрмийн ерөнхий төсөөлөлтэй болох нь зүгээр юм. Дараа нь гадаад хэл эхлэн суралцагчдад зориулсан авиан зүйн хичээл сонсох хэрэгтэй. Гадаад хэлээр ярих нь үгсийн сангийн болон хэлзүйн мэдлэгийг аль алиныг нь бэхжүүлж өгдөг. Иймээс сонсголын хичээл үзсэний дараа ярианы дэвтрээр хичээллэж өөртөө асуулт тавьж түүндээ хариулах замаар 14-30 хоногийн дотор ихэнх чухал хэллэгүүдийг тогтооно. Дараа нь хялбар хэллэгтэй, сонирхолтой үйл явдалтай  ном унших хэрэгтэй. Ийм ном нь ялангуяа таны мэддэг, сонирхдог сэдэвтэй байвал илүү сайн байдаг. Үгийн баялаг бага тогтоосон үг цөөхөн байгаа үед ном уншихад үг бүрийг толь бичгээс харахад хүргэдэг. Энэ нь нилээд залхуутай, түвэгтэй ажил билээ. Гэвч залхуурах юм бол хүн юунд ч хүрэхгүй шүү дээ. Энэ нь танд залхуутай санагдвал тухайн сурах гэж буй гадаад хэл дээрхи сонирхолтой номыг монгол орчуулгатай нь тулган унших хэрэгтэй. 

Өдөрт хэдэн цаг үзэх вэ? Өдөрт дор  хаяж 1-2 цаг гадаад хэл үзэх хэрэгтэй. Түүнээс илүү бол бүр сайн. Гадаад хэлийг тогтмол үзэх нь үр дүнтэй. Гадаад хэлийг өдөр бүр бие засаж, цай хоол иддэг шигээ тогтмолжуулж чадвал богино хугацаанд мэдэгдэхүйц ахиц олсноо хүн мэдэрнэ. Гадаад хэлийг хурдавчилсан аргаар тогтмол үзэх юм бол 1-2 сарын дотор энгийн хялбар хэллэгтэй сэдвүүдийг уншаад ойлгодог болно, алдаатай боловч ойр зуур ярьдаг болно. Үүнийгээ цааш орхихгүй байх юм бол та гадаад хэлийг сурчих магадлалтай билээ. 

Ярьж сурахсан Ийм үг олон сонсогддог. Гэвч өөрөө идэвх чармайлт гаргахгүйгээр энэ нь боломжгүй бүтэшгүй зүйл юм. Мөн бололцоо хэрэгтэй. Бололцоо гэдэгт гадаад хүмүүстэй цуг ажиллах, тэдэнтэй захидлаар харилцах, тухайн үзэх гэж буй гадаад хэлээрээ ярьдаг улс оронд очиж амьдрах явдал орно. Ярьж сурах ийм бололцоогүй хүмүүс юуны өмнө уншсан сэдвүүдээ эргүүлж ярих, дэлгэцийнх нь доогуур бичиг нь гардаг яриатай кино болон жүжиг үзэх, дуу сонсох хэрэгтэй. Мөн өөрийн сурах гэж буй гадаад хэл дээрх радио,телевизийн нэвтрүүлэг үзэх,  лекц яриа сонсох нь ашигтай. Гадаад хэлээр зөв ярихад хэлзүйн мэдлэг хэрэгтэй. Сурах гэж буй хэлээр чинь ярих завшаан тохиолдвол алдаж болохгүй. 

Үгийн баялгаа яаж нэмэгдүүлэх вэ? Саланги, ганц нэгээр нь, эсвэл  хүчээр үг цээжлэх төдий л их ашигтай бус. Харин хойд урд үгтэй нь холбон утгаар нь үг тогтоовол сайн. Ингэхдээ түгээмэл хэрэглэгддэг үгсийг сонгож тогтоовол сайн. Тогтсон хэллэг, хоршоо үгийг олноор цээжлэх хэрэгтэй. Ийм үгсийг хэдий чинээ олныг мэднэ, төдийчинээ ярихад хялбар болно. Мөн хэвшмэл хэллэгүүдийг тогтоож хэдийд, яаж хэрэглэхийг сурах, хоёр хүний яриа, богино хэмжээний өгүүллэгийг цээжлэхэд ч илүүдэхгүй.

Түргэн уншиж сурах нь Энэ нь олон талын ашигтай. Ялангуяа түргэн уншиж сурсан хүн зөвхөн унших процессоос маш их цаг хугацааг хождог. Эх хэлээрээ унших, гадаад хэлээрээ унших хурд өөр боловч гадаад хэлийг эх хэл шигээ сайн сурсан үед энэ ялгаа арилдаг. Маш хурдан уншиж сурсан хүмүүс байдаг. Жишээ нь Наполеон минутанд 2000 үг, Бальзак минутанд 4000 үг, Жон Кеннеди 1200 үг уншдаг байжээ. Аливаа гадаад хэл сурах хүсэлтэй байгаа хүн уг хэл дээр өдөр тутмын хэвлэл уншиж байх хэрэгтэй. Энэ нь арван өдөр ч байж болно, арван цаг ч байж болно. 

Харин нэг ч өдөр та салж болохгүй. Хэл сурч байгаа хүн ганц минутыг ч дэмий хоосон өнгөрүүлж болохгүй. Учир нь хичээлээ хэд хоног орхигдуулахад л урьд үзсэн зүйлээ мартаж эхэлдэг гэмтэй. Ер нь тэгээд өөрөө л хичээх юм бол гадаад хэл сурах нь тийм ч хэцүү зүйл биш билээ. Автобус хүлээгээд зогсож байхдаа ч хэл сурч байх хэрэгтэй. Автобусанд суугаад явж байхдаа замд таарсан дэлгүүр, үйлчилгээний газрын англи хэл дээр бичсэн хаягийг харж тогтоож байх хэрэгтэй. Ингэж тогтоосон үгээ гэртээ очоод англи, монгол толь бичгээс харахад утга нь гараад ирнэ. Ийм замаар тогтоосон үг хүний тархинд маш бат бөх тогтоогддог бөгөөд бараг л үхэн үхтэл мартагддаггүй юм. 

Унгарын нэртэй орчуулагч Като Ломб гэдэг эмэгтэй 25 жилийн дотор16 гадаад хэл сурсан бөгөөд  “Би ингэж хэл сурсан” гэдэг номыг бичжээ. Гадаад хэлийг үлгэрт гардаг шиг “сезам-нээгд” гээд л сурчихдаггүй, гэж тэрээр номдоо бичсэн байдаг. Гадаад хэл сурахыг хүссэн хүн долоо хоногт сэрүүн байх 100-120 цагийнхаа 10-12 цагийг үүнд зориулах ёстой. Хэл сурах гол түлхүүр нь ном унших юм. Хэл сурахын тулд номыг л маш идэвхтэй унших хэрэгтэй гэж Като Ломб үзэж байна. Гадаад хэл сурахад хэдэн үг хэрэгтэй вэ? гэж хүмүүс олонтаа асуудаг. Түүнд нь учиргүй их гадаад хэл мэддэг мэргэн цэцэн нэгэн “энэ 2000 үгийг л цээжилчих” гэх мэтээр хариулдаг. Энэ нь ихээхэн үндэслэлгүй бөгөөд ингэж хариулж байгаа хүн гадаад хэлээр ярих, харилцах үндсэн зүй тогтлыг мэдэхгүй байгаагаа л харуулж буй хэрэг юм.

Гадаад хэл сурахад гурван гол хүчин зүйл хэрэгтэйг зайлшгүй харгалзан үзвэл зохино. Үүнд: шинэ үгийг хам сэдэвт орсон байхад нь таньж утгыг ойлгох, ярианаас нь олж таньж утгыг ойлгох, аман болон бичгийн хэлбэрээр хэрэглэж сурах явдал орно. Энэ бол тийм ч амархан биелэгдчихдэг зүйл биш билээ! Като Ломб “Би ингэж хэл үздэг” номдоо өөрийн гадаад  хэл сурсан туршлагадаа тулгуурлан дорх зөвлөмжийг оруулжээ.Үүнд: 

1. Гадаад хэл сурахын тулд тухайн гадаад хэлээ өдөр бүр үз. Завгүй бол ядахдаа10 минутийг үүнд зориулж гарга. Ялангуяа өглөөгүүр бол бүр сайн.

2. Гадаад хэл сурахаар нэгэнт шийдсэн бол орхиж болохгүй. Уйтгартай, залхуутай санагдаж эхэлсэн бол хичээллэх хэлбэрээ өөрчил. Ном уншиж үзэж байгаа бол түүнийгээ хойш тавьж радио сонс. Өөрийн сурах гэж буй гадаад хэл дээрх киног үз. Сурах бичгийг дасгал үзэж байсан бол түүнийгээ түр хойш тавьж толь бичиг ашигла. 

3. Хам сэдвээс нь ангид саланги үг цээжлэх хэрэггүй.

4. Алхам тутамд хэрэг болох “бэлэн хэллэгүүдийг” таарах болгонд нь хуулж ав, тогтоож бай.

5. Өөртэйгээ таарсан / зарлалын самбар, хаяг, реклам, хүмүүсийн ярианы тасархай / гадаад үг, хэллэг бүрийг сайтар тогтоож, дотроо орчуулахыг оролд.Орчуулж чадахгүй бол түүнийгээ сайтар тогтоож аваад гэртээ очоод толь бичгээс харж утгыг нь ойлго.

6. Багшийн засаж залруулж хэлсэн үгийн болон утгын алдааг сайтар тогтоо.

7. Өвөрмөц болон хэвшмэл хэллэг, зүйр цэцэн үгийг хуулж авч бай. Бүтнээр нь тогтоож ав.

8. Гадаад хэл бол тал талаас нь довтол байх ёстой цайз юм. Өөрийн сурах гэж буй гадаад хэл дээр ном унш, сонин унш, кино үз, радио сонс, тэр хэлийг мэддэг хүнтэй ярилц, захидлаар харилц. Боломжтой бүхнийг хий.

9. Ярихаас бүү эмээ. Алдаа гаргахаас, хазгай далий хэлэхээс бүү ай. Алдааг чинь засаж өгвөл сандарч мэгдэх, ичиж гоморхох хэрэггүй.

10. Чи заавал зорьсондоо хүрнэ. Чи чадна. Хэл сурах авъяас чадвар чамд бий. Төгс боловсорчихсон сурах бичиг, бүх үг хэллэгийг бүгдийг нь багтаасан толь бичиг гэж байдаггүй. Ер нь бол бүх хэлийг сурахад хэцүү, тэр дундаа хамгийн хэцүү нь эх хэл юм гэдгийг үргэлж бодож бай. Олон хэлтэй хүмүүс үүнээс эхэлдэг.

Гадаад хэл үзэж байгаа хүмүүсийн өмнө хоёр зорилго тавигддаг. Нэг нь ярьж сурах, нөгөө нь уншиж ойлгох. Энэ хоёрын аль нь хялбар вэ. Миний бодоход ярьж сурах нь амархан. Хоёр,гуравхан сарын дотор мянгаад үг сураад, санаа бодлоо илэрхийлэх боломжтой. Харин ном зохиол дээр бол хэдэн арван мянган үг, утга гардаг. Тэр  болгоныг ойлгоод  мэдээд тогтоочихно гэдэг тийм ч амархан биш. Уншиж байгаа сэдвийнхээ үгийг, утгыг нарийн сайн мэдэж авч байх хэрэгтэй. Гэхдээ саланги үг бус хам сэдэвт нь буюу тухайн үгийг бусад үгтэй хамт ордог байдлаар нь тогтоовол сайн. Шинэ хэлийг хэрхэн үзэж эхлэх вэ? Нэвтэрхий толь бичиг, лавлах ном зэргээс тухайн сурах гэж буй хэлнийхээ түүх, зохион байгуулалттай танилцахаас эхэлдэг. Чухал үгс, ялангуяа үйл үгсийг сурах бичгээс үздэг. Хэлний зүйн үндсийг ч үзнэ. Үг  бүтэх ёсыг нарийвчлан судална. Урвуу орчуулах аргыг хэрэглэнэ. Эхлээд эх хэл рүүгээ, дараа нь гадаад хэл рүү орчуулж алдаагаа эхтэй нь тулгаж засна.