БОЛОВСРОЛЫН НЭЭЛТТЭЙ ЭХ СУРВАЛЖ гэж юу вэ?

Боловсролын нээлттэй эх сурвалж /БНЭС/ гэдэг нь олон нийтэд тавигдсан буюу үнэ төлбөргүй ашиглахыг оюуны өмчийн эрхээр хүлээн зөвшөөрсөн бүх төрлийн хэлбэр (ном, сурах бичиг, видео бичлэг гэх мэт) -ээр байж болох сургалтын материалууд юм.

Сүүлийн 10 гаруй жил ЮНЕСКО нь БНЭС-тэй холбоотой олон улсын хөдөлгөөнийг дэмжсээр ирсэн ба 2002 онд болсон Дээд боловсролын нээлттэй хичээлийн үр нөлөөний талаар хэлэлцсэн ЮНЕСКО-ийн уулзалтын үеэр хамгийн анхны БНЭС гэсэн ойлголт албан ёсоор гарч ирсэн. Үүнээс 10 жилийн дараа, 2012 онд “Дэлхийн Боловсролын Нээлттэй Эх Сурвалжийн чуулга”-г зохион байгуулсан ба энэ нь олон орны засгийн газрууд, БНЭС-ийн мэргэжилтнүүд, төрийн бус байгууллагууд, сурган хүмүүжүүлэгч нарыг нэгтгэж чадсан. Мөн энэ үеэр Парисын НБЭС-ийн тунхаглалыг баталж, БНЭС-ийг дэмжих журмын анхдагч нь болсон юм. Энэхүү тунхаглал нь БНЭС-ийг ашиглах, олон нийтэд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулахыг засгийн газрыг дэмжих зорилготой.

Боловсролын нээлттэй эх сурвалж нь боловсролыг дэмжих зорилготой учир дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа бүх насны, ямар ч хүнд нээлттэй юм. Чанартай бөгөөд үнэ төлбөргүй боловсрол эзэмших нь ялангуяа хөгжиж буй орны оюутнуудад чухал ач холбогдолтой, учир нь тэдэнд сурах бичиг, анги танхим болоод заах багш нар хязгаарлагдмал байдагтай холбоотой.
ЮНЕСКО-оос зохион байгуулж буй энэ бүх БНЭС-ийн үйл ажиллагаа нь хүн төрөлхтний амар амгалан байдал, нийгэм эдийн засгийн тогтвортой байдал түүний хөгжил дэвшлийн үндэс суурь нь “боловсрол” гэж үзэж байгаатай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, хүн аливаа мэдээллийг үнэ төлбөргүй олж авах эрхтэй билээ.

ЭДГЭЭР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БОЛОВСРОЛЫГ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?
Үүний хамгийн том жишээ бол Массачусэтсийн нээлттэй сургалтын эх сурвалж буюу MIT Open Course Ware (http://www.ocw.mit.edu/) юм. 2001 онд Массачусэтсийн их сургууль өөрсдийн заадаг хичээлүүдээс ихэнхийг нь үнэгүй ашиглах боломжтойгоор интернетэд байршуулсан ба хичээлүүдээ маш ойлгомжтой заасан байдаг. Мөн Бразилийн засгийн газар төрөөс санхүүждэг боловсролтой холбоотой материалуудыг үнэ төлбөргүй байхаар хуульчилсан байна.
Түүнчлэн, Голландын Дельфтийн технологийн их сургууль нь цэвэр усны технологийн сургалтаа нийтэд нээлттэй болгосон байдаг. Энэхүү сургалтыг Өмнөд Африк, Сингапур, Индонези зэрэг орнуудын их сургуулиуд сайжруулан хувь нэмрээ оруулсан байна.
Үүнээс гадна Дэлхийн Банкнаас өөрсдийн судалгааны ажлуудыг цахимаар олон нийтэд түгээх зорилготой Нээлттэй мэдлэгийн агуулах буюу Open Knowledge Repository (https://openknowledge.worldbank.org/) –г ажиллуулж эхэлсэн байна.
ЮНЕСКО нь 10000 гаруй судалгааны ажлуудтай Нээлттэй сургалтын тавцан буюу Open Training Platform (http://www.opentrainingplatform.org/) –г ажиллуулдаг.
Мөн бусад үнэ төлбөргүй эх сурвалжууд:

  • Бүх чиглэл: http://openlearn.open.ac.uk
  • Боловсролын чиглэл: www.tessafrica.net
  • Анагаахын чиглэл: http://services.aamc.org/30/mededportal
  • Хөдөө аж ахуйн чиглэл: http://ageconsearch.umn.edu

Эх сурвалж: ЮНЭСКО-ийн Монголын Үндэсний Комисс