Та ном унших дадалтай юу? аль эсвэл жаахан завтай болохоороо уншья гэж боддог уу? Яаж дадал зуршлыг өөртөө бий болгох вэ? Бид ер нь хэр зэрэг унших дадалтай үндэстэн бэ? Эдгээр асуултыг өөртөө нэг тавиад үзээрэй.
Харин дэлхий дахинд ном унших дадлаараа 2018 оны байдлаар Энэтхэг, Тайланд, Хятад улсууд эхний гурван байрт бичигдсэн байдаг байх байна.
АНУ-ын зохиолч Жэймс Клирийн "Atomic Habits" номонд хэрхэн зөв дадал зуршлыг бий болгож, өдөр бүр 1 хувийн өөрчлөлт үзүүлэх тухай бодитой зөвлөгөө, аргачлалуудыг толилуулжээ. Номын гол санаа нь аливаа дадал зуршлыг хэвшүүлэхэд үндсэн дөрвөн дүрмийг баримталж чадвал амжилттай хэрэгжих тухай онцолсон байна.
Аливаа дадал зуршлыг хэвшүүлэх үндсэн дөрвөн дүрэм
-Хийх зүйлсээ тодорхой болгох
-Хийх зүйлсдээ дур сонирхолтой болох
-Өөртөө илүү хялбар, хөнгөн байдлаар хийх
-Хийж буй зүйлсдээ сэтгэл хангалуун байх
Энэ хүрээнд зохиолч дээрх үндсэн 4 дүрмийн дагуу хэрхэн ном унших дадлыг бий болгож, урам зоригоо мохоохгүйгээр бага багаар хэвшүүлэх тухай бичсэн дараах 10 зөвлөгөөг хүргэж байна. Хүмүүс өөрсдийн унших дадлыг хэвшүүлэхдээ гаргадаг түгээмэл алдаа болон сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэх талаар та дараах хэсгээс уншаарай.
Юуг, хэрхэн уншихаа тодорхой болго
1. Унших номоо үргэлж орныхоо дэргэд байрлуулж байгаарай. Тэгвэл өглөө сэрэх болгонд болон орой унтахын өмнө таны нүдний өмнө харагдаж, унших сэдлийг төрүүлэх учраас өглөө, оройдоо заавал номондоо салхи оруулж байгаарай. Энэ нь та өөрийнхөө эргэн тойронд ном унших экосистемийг бүрдүүлж буй хэрэг юм.
2. Хэрэв та гар утасныхаа нүүрэн талд Фэйсбүүк, Интаграм, Твиттер болон янз бүрийн тоглоомын апп байрлуулсан бол түүнийгээ бүгдийг нь нэг файлд багтаан дараагийн цэс рүү шилжүүлэн, зөвхөн өөрт хэрэгтэй аппуудыг нүүрэн талдаа байрлуулаад үзээрэй. Тухайлбал, Audible, Kindle, Pocket, Goodreads зэрэг онлайнаар, аудио хэлбэрээр ном унших, номын тойм, бүлгэм шүүх боломжтой төрөл бүрийн аппуудыг суулгаснаар утсаа нээх бүрдээ унших ёстойгоо санаж, бодит үйлдэлд хөтлөх болно.
3. Ном уншихад тохирсон орчинг бүрдүүл. Дадал зуршил нь үргэлж таны сэтгэл зүй болон аливаа эд зүйлс, нөхцөл байдалтай холбогдож байдаг учраас өөрийн мэдэлгүй өөр зүйл хөтөлж байдаг. Тухайлбал, та үргэлж буйдан дээр суун Netflix үздэг бол дараа нь тэнд суугаад ном унших гэж оролдвол өөрийн мэдэлгүй удирдлагаа барьчихсан телевизээ асааж байх вий. Тиймээс та өөр зүйлд сатаарахгүйгээр унших зүйлдээ л төвлөрөхийг хүсвэл зөвхөн ном уншихад зориулсан орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Өрөөнийхөө жижиг буланг тохижуулах эсвэл тагтан дээрээ ном унших сандал, ширээ тавьж болох юм. Эсвэл гэрийнхээ ойролцоо байрлах кофе шопт очоод гар утсаа оролдохгүйгээр ном унших цагийг өөртөө гаргаад үзээрэй. Хэд хэдэн удаа туршиж үзсэний дараа тухайн байршилд та илүү сайн төвлөрч чаддаг болж, өдөр тутмын амьдралынхаа дадал болгоход түлхэц болох болно.
Унших үйл явцаа илүү сонирхол татам болгох
4. Найз нөхөдтэйгөө уншсан номынхоо талаар ярилцаарай. Энгийн зөвлөгөө мэт боловч, эргэн тойрондоо ном унших дуртай найз нөхөдтэй байх нь таныг улам их унших сонирхлыг төрүүлэх болно. Унших дуртай номын сонирхлоороо дамжуулан санаа нийлсэн найзаа олох ч юм билүү.
Номын клубд элсэж ном унших дуртай хүмүүстэй нэгдээрэй. “Atomic Habit” номд “Аливаа баг, хамт олны нэг хэсэг нь байх нь хүний зайлшгүй үйлдэл” гэсэн байдаг. Олон хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, ном уншдаг хүмүүсийн бодлыг сонсож, өөрийн бодлыг хуваалцана гэдэг уншсан зүйлээ олон талаас нь эргэцүүлэх боломжийг олгох болно.
Унших дадлыг хүндрүүлэх хэрэггүй
6. Ном унших дадлыг өөртөө бий болгохоор хичээж буй бол өдөрт ганц хуудас ном уншихаас эхлээд үзээрэй. Өөртөө аль болох амар байдлаар эхлүүлэхгүй бол дундаас нь халширч, дуусгаж чадаагүйдээ урам хугарч мэднэ. Ихэнх хүмүүс долоо хоногт нэг ном унших, жилд 30 ном унших зэрэг том зорилго тавин эхлүүлдэг. Сайн дадлыг хэвшүүлэхийн тулд эцсийн цэгийг харах биш эхлэх цэгтээ төвлөрөх нь чухал учраас өдөр бүр бага багаар тогтмол уншихыг эрмэлзэх нь зүйн хэрэг. "Sussex" их сургуулиас хийсэн судалгаагаар хамгийн багадаа 6 минутын турш ном унших нь стрессийг 68 хувь хүртэл бууруулдаг аж.
7. Өглөө бүр босоод ном унших нь хүний бие физиологи, сэтгэл зүйд эерэгээр нөлөөлдөг ажээ. Ихэнх хүмүүс олон ажилд сатаарахын өмнө буюу өглөө босч ном унших нь илүү үр дүнтэй гэж үздэг. Цагийн зохион байгуулалт нь дадал бий болгоход хамгийн чухал хүчин зүйл учраас тогтсон цагт ном уншихаар төлөвлөх нь илүү бүтээмжтэй гэнэ. Өдрийн туршид бидний эрч хүч, энерги багасч, ихсэх байдлаар өөрчлөгдөж байдаг учраас биеийнхээ онцлогт тохируулан хэзээ ном уншихаа тааруулаарай.
8. Хэрэв танд зузаан хүнд ном авч явахад бага зэрэг төвөгтэй байгаа бол аудио ном сонсоод үз. Аудио номыг алхаж байхдаа, машин барьж явахдаа, хоол хийж байдаа зэрэг өөр зүйл хийж байхдаа сонсох боломжтой учраас ухаалаг утсандаа аудио ном суулгасан байхад гэмгүй шүү.
Уншсан номоосоо сэтгэл ханамж авах нь
9. Хүмүүсийн ямар ном уншихыг зөвлөж байгаад анхаарал хандуулахын оронд өөрөө юу уншихыг хүсч байгаадаа л төвлөрөх нь чухал юм шүү. Юу уншиж байгаадаа санаа зовох огт хэрэггүй. “How to talk about books you haven’t read” номын зохиогч Pierre Bayard уншиж буй болон уншаагүй номоо 5 хэсэгт хуваан ангилах тухай зөвлөсөн байдаг. Тухайлбал, уншсан номууд, гүйлгэж уншсан номууд, сонсож байсан номууд, уншихаа мартсан номууд болон хэзээ ч уншихаар нээгээгүй номууд хэмээн ангилжээ. Ингэснээр унших номынхоо төлөвлөгөө илүү нарийн гаргаж, ном унших үйл явцаа том зургаар харах боломжтой гэнэ.
10. Уншихыг хүсч буй зүйл тань өөрт хэрэгтэй, ажил, амьдралд тус болох байвал илүү үр дүнтэй. “The Staples”-ийн судалгаагаар насан хүрсэн хүн минутад 300 үг уншдаг бол хурдан унших техникийг эзэмшсэн хүмүүс минутад 1500 үг уншдаг байна. Харин энэ чиглэлээр мэргэшсэн, өдөр бүр дасгал сургуулилалт хийдэг “World speed reading champion”-ийн тамирчид минутад 4700 үг уншдаг гэнэ.
Мэдээллийн эх сурвалж: https://geediting.com/; https://www.unread.today/