Бүгд Найрамдах Сингапур Улсын боловсролын тогтолцоо нь тус улсын Боловсролын яамны (Ministry of Education, http://www.moe.gov.sg) эрхлэх асуудлын хүрээнд харьяалах бөгөөд тус улсын их, дээд сургуулиуд нь Азид тэргүүлэх боловсролын түвшинтэйгээрээ алдартай.
Сингапурын их, дээр сургуулиуд Их Британи, АНУ болон Европын бусад улсын алдартай их, дээд сургуультай гэрээтэй байдаг тул хосолсон диплом авах боломжтой байдаг. Аюулгүй орчин, тайван байдал, барууны улстай харьцуулахад боловсролын өртөг хямд, олон үндэстний бодлого зэргийг харгалзан гадаад улсаас тус улсад суралцах оюутны тоо жилээс жилд нэмэгдэж байна.
ОЮУТНЫ ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛ:
- Сингапур улсад суралцах хүсэлтэй хэн бүхэн суралцах сургуулиа нэн тэргүүнд сонгож, сургуульдаа бичиг баримтаа илгээнэ. Суралцах сургуулиа сайтар судалж, өөрийн сонирхлын сэдвийг тодорхойлох нь чухал. Сургууль бүр өөрийн тусгай шаардлагуудыг цахим хуудаснаа байршуулсан байгаа. Сургуулиас таныг хүлээж авахыг хүлээн зөвшөөрснөөр Student Pass буюу тус улсад оюутны журмаар оршин суух эрхийг авахаар мэдүүлэх боломжтой болно.
- Сургуульдаа бүртгүүлсэн оюутан бүр Student’s Pass OnLine Application & Registration (SOLAR+) -ын системээр дамжуулан дараахь хаягаар хандаж, бүртгүүлэх ёстой: https://solarplus.ica.gov.sg/solarplus-ica/index.do.
- SOLAR системээр дамжуулан бүртгүүлсэн бүртгэлийн хуудсыг, бусад шаардлагатай бичиг баримтын хамт Immigration and Checkpoint Authority (https://www.ica.gov.sg)-д биечлэн өгөх шаардлагатай. Орох/гарах виз шаардлагагүй улсын иргэдийн хувьд оюутны оршин суух зөвшөөрөл буюу Student Pass-ыг ажлын 3-5 хоногийн дотор шийдвэрлэх болно (6-8 сарын хооронд ачаалалтай байдаг тул илүү урт хугацаа шаардлагатай).
ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖ:
Бүгд Найрамдах Сингапур Улсын Боловсролын яамнаас зарим их, дээд сургуульдаа тэтгэлэг олгох эрхийг олгодог. Тухайлбал, Сингапурын Улсын их сургууль (http://www.nus.edu.sg/), Сингапурын технологийн их сургууль (https://www.singaporetech.edu.sg/), Наньяангийн технологийн их сургууль (http://www.nus.edu.sg/);
- Гадаад оюутнуудад олгох тэтгэлгийн мэдээлэл Боловсролын яамны цахим хуудсанд тухай бүр шинэчлэгддэг болно. Боловролын яамнаас олгож буй тэтгэлэг нь ихэвчлэн 100 хувь биш хэсэгчлэн байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй;
- Олон улсын хэмжээний том компанийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдаж, улмаар үнэ төлбөргүй суралцах мөн боломжтой. Тухайлбал, Наньяангийн технологийн их сургууль мэдээллийн ухааны чиглэлээр 100 хувийн бүрэн тэтгэлэг олгодог. Ингэхдээ ихэвчлэн магистр, докторын зэрэгт суралцагсдад тэтгэлэг олгодгийг мөн анхаарна уу;
- Singapore International Graduate Award (SINGA) цахим хаягнаас мөн Сингапур улсаас олгож буй гадаад улсын оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл авах боломжтой;
- Сургууль бүр өөрийн тэтгэлэгт хөтөлбөртэй бөгөөд энэ талаар сургуулийн цахим хуудаснаас судлах боломжтой.
ОЮУТНЫ АЖИЛ ЭРХЛЭХ ЭРХ:
Student Pass-ыг эзэмшигч оюутнуудад зөвхөн дараахь шаардлагад нийцсэн тохиолдолд ажил эрхлэх эрхтэй. Үүнд:
- Зөвшөөрөгдсөн их, дээд сургуульд бүтэн цагаар хичээллэдэг, бүртгэгдсэн оюутан бол (Тухайн их, дээд сургуулийн жагсаалтыг http://www.mom.gov.sg/passes-and-permits/work-pass-exemption-for-foreign-students цахим хуудаснаас)
- Immigration and Checkpoint Authority-аас оюутны оршин суух зөвшөөрлөө авсан бол
- Долоо хоногт 16 цагаас илүүгүй хугацаагаар ажиллах эсхүл сургуулиас дадлага хийх хэлбэрээр ажиллах боломжтой.
Үүнээс гадна зөвхөн зарим улстай байгуулсан гэрээний дагуу Work Holiday Pass буюу амралтаараа ажиллах эрх, их, дээд сургуулийнхаа хүрээнд дадлага хийх журмаар ажиллах буюу Training work permit-ын журмаар ажиллах боломжтой. Энэ тохиолдолд сургууль бүрийн нөхцөл, шаардлага өөр өөр байдаг. Сингапур Улсад дадлага хийх боломж, байгууллага, сургуулийн жагсаалт, мэдээллийг https://www.internsg.com/ цахим хаягаас авах боломжтой.
Мэдээллийн эх сурвалж: https://mongolianembassy.sg