Алхаж явахдаа, гэртээ, замд түгжирч байхдаа гээд л хаана ч хэзээ ч сонсох боломжтой контентын нэгэн төрөл бол подкаст. АНУ-д гэхэд подкаст сонсогчдын хувь өдрөөс өдөрт нэмэгдэж энэ жил нийт хүн амын 26% нь подкастын идэвхтэй сонсогч болжээ. Саяханыг хүртэл ховорхон байсан тус контент Монголд ч мөн “эрчээ авч” байгаа бөгөөд одоогийн байдлаар 60 гаруй бизнесийн байгууллагууд болон хувь хүмүүс подкаст хийж байна.
Түүнчлэн HubSpot-ийн хийсэн судалгаагаанаас харахад маркетерүүдийн 17% нь ирэх жилд подкастыг контент маркетингийхаа нэг хэлбэр болгон ашиглаж эхлэхээр төлөвлөж байгаа аж.
Нийт подкаст сонсогчдын 49 хувь нь гэртээ, 22 хувь нь машинд, 11 хувь нь ажил дээрээ, дөрвөн хувь нь нийтийн тээврээр зорчиж байхдаа байхдаа подкаст сонсдог аж. Мөн бусад сувгуудтай харьцуулахад подкаст сонсогчдын 35 хувь нь подкастыг эхнээс нь дуустал сонсдог бол 45 хувь нь 80-90 хувь хүртэл нь сонсдог гэжээ. Тэд дунджаар 6 подкастыг дагаж, долоо хоногт ойролцоогоор 6 цаг 37 минутыг подкаст сонсоход зарцуулдаг аж.
Тийм учраас яг одоо подкаст хийж эхлэхийг бид та бүхэнд санал болгож байна. Гэхдээ аливаа ажлыг эхлүүлэхэд хаанаас хэрхэн эхлэхээс хэрхэн түгээн байршуулах цаашлаад олон хүнд таниулан сурталчлах гээд олон ажлууд бий. Эдгээрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.
Подкаст хийхээр шийдсэн бол…
Хүмүүс бизнесээ сурталчлах эсвэл зүгээр л хоббигоороо гэх мэт янз бүрийн зорилгоор подкаст хийж байна. Гэхдээ бид өнөөдөр бизнесийн тэр дундаа маркетингийн зорилгоор хэрхэн подкаст бэлдэх талаар ярилцах болно. Бид өмнө нь Сошиал медиа маркетингийн стратеги хэрхэн боловсруулах вэ? нийтлэлдээ 5W-д хариулах нь ямар үр дүнтэй болон яаж хариулбал илүү үр дүнтэй байж болох талаар ярилцсан. Тэгвэл подкаст эхлүүлэхдээ ч мөн энэ талаар бодолцох хэрэгтэй.
Юун түрүүнд подкастынхаа нэр, өнгө төрх, хэмжээг тодорхойлоорой. Үүний тулд та өөрөөсөө болон багийнхнаасаа “Яагаад энэ подкастыг эхлүүлж байгаа билээ?” гэсэн асуултыг асууж зорилгоо ойлгох хэрэгтэй. Ихэнх подкастын хувьд:
Сэжим үүсгэх
Тухайн салбартаа тэргүүлэгч болох зорилгоор анхаарлын төвд өртөх
Чухал мэдээ дуулгах
Хөгжилтэй байх гэсэн нийтлэг зорилгууд байдаг. Магадгүй танай байгууллагын хувьд ч эдгээрийн аль нэг нь байж болно.
Харин дараагийн асуулт “Манай подкаст юуны талаар ярих билээ?” өөрөөр хэлбэл өөрсдийнхөө хийх зүйлсийг илүү ойлгоход чиглэнэ. Сэдэв юу ч байсан болно. Гэхдээ цацаж буй хэл дээр тухайн сэдвээр хэр олон подкаст байгааг судлах хэрэгтэй.
Подкастын хэлбэр
Ярилцлага: Хэн нэгэнтэй ямар нэг тодорхой сэдвийн хүрээнд ярилцдаг. Жишээлбэл манайтай ижил сошиал медиа маркетингийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын хувьд олон хүний анхаарлыг татсан контентыг бүтээсэн маркетер, дизайнерыг урьж тэдэнтэй яагаад ийм контент бэлдсэн юу нь амжилт олоход нөлөөлсөн зэргээр ярьж болох юм.
Шинжлэх ухааны сериал: Энэ хэлбэрийн подкастууд бүтэн улирлын турш тухайн шинжлэх ухааны нэг сэдвээр ярилцдаг. Жишээлбэл манайтай ижил сошиал медиа маркетингийн агентлагуудын хувьд Facebook маркетинг сэдвээр эхний долоо хоногт Facebook алгоритм, дараагийн долоо хоногт постын хэмжээ харьцаа харагдац онцлог, 3 дахь долоо хоногт Facebook boost хийх талаар буюу сурталчилгаа үүсгэхэд анхаарах зүйл гэх мэтээр яриж болох юм.
Хураангуй мэдээ: Подкаст өөрийн гэсэн байнга хөнддөг сэдэвтэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн сэдвээс өөр сэдэв рүү хазайхгүйгээр чиг шугмаа байнга баримтлах нь танай подкастыг сонирхолтой болгоод зогсохгүй зорилтот хэрэглэгчийг танд олж өгөх болно. Хураангүй мэдээ хэлбэртэй подкастын хувьд ч гэсэн тухайлсан нэг салбарын мэдээг л багцлан тоймолж хүргэх нь хамгийн зөв шийдэл болно.
Боловсрол олгох: Энэ төрлийн подкаст зорилтот хэрэглэгчдэд боловсрол олгоход чиглэнэ. Зарим талаараа шинжлэх ухааны сериал хэлбэр болон ярилцлага, хураангуй мэдээ хэлбэртэй подкастын шинжийг агуулдаг.
Зохиомжит: Энэ төрлийн подкаст нь радио драматай төстэй.
Подкастын нэр сонгох
Подкастын нэрийг сонгоход анхаарах 3 дүрэм бий.
Хайлтад өртөхүйц
Ой тогтоолтод хоногшин үлдэхүйц
Подкастын сэдэвтэй уялдахуйц байх
Apple Podcast-ийн зөвлөгөө
Apple podcast бол iPhone утас хэрэглэдэг хүн бүр нэмэж татаж авахгүй, мөнгө төлөлгүйгээр хэрэглэх боломжтой апп билээ. Тиймээс хэрэв та подкаст хийх гэж байгаа бол Apple podcast-ын зүгээс өгч байгаа зөвлөгөө мэдээллийг заавал анзаарах нь зүйтэй. Миний хувьд ч анх подкаст гэдгийг iPhone дээр л ажиллах боломжтой зүйл мэт төсөөлж байлаа.
Apple-д подкастаа байршуулахын тулд тухайн дугаарын гарчиг, подкаст бүтээж байгаа байгууллага эсвэл хувь хүний нэр, тайлбар зэргийг бөглөх шаардлагатай болдог. Гарчгийг бичихдээ сонирхол татахуйц хэрнээ хэт урт биш байхад анхаарах ёстой бол тайлбар хэсэгт дэлгэрэнгүй мэдээллээ оруулан тус подкастыг сонссоноор ямар асуултад хариулт авах талаар энгийн ойлгомжтой бичих хэрэгтэй. Түүнчлэн гарчиг болон тайлбар хэсгийн аль аль нь танай зорилтот хэрэглэгчийн хайлт хийх боломжтой үгтэй уялдаж байх хэрэгтэйг анхаарна уу.
Аль ч салбарын ямар ч ажилд хамгийн тустай мэдээлэл гэдэг амьдралаас хол онолын мэдээлэл бус бодит туршлагад үндэслэсэн мэдээллийг хэлнэ. Энэ ч үүднээс бид өөрсдийн өдөр тутамдаа байнга хийж гүйцэтгэж байгаа сошиал медиа маркетингийн төслүүдэд тохиолдож байсан болон энэ салбарт ажилладаг маркетеруудын бодит туршлагаас үүдэлтэй мэдээ мэдээллийг бизнес эрхлэгчид болон маркетингийнхандаа хүргэх зорилгоор “Сошиал медиа маркетераас сошиал медиа маркетерт” подкастаа эхлүүлээд байгаа билээ.
Подкастын урт ямар байвал тохиромжтой вэ?
Бусад контенттой харьцуулахад подкаст сонсогчдын 35 хувь нь подкастыг эхнээс нь дуустал сонсдог бол 45 хувь нь 80-90 хувь хүртэл нь сонсдог талаар нийтлэлийн эхэнд өгүүлсэн. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид подкастаа сонгож сонсохдоо харьцангуй зорилготой хайлт хийж, дуустал нь идэвхтэй сонсдог аж.
Подкастын сэдэв болон хэлбэр ямар байгаагаас шалтгаалан нэг дугаарын хамгийн тохиромжтой уртын хэмжээ ялгаатай байдаг. Танай подкаст ямар ч урттай байсан сонирхолтой, сонсогчдыг залхаахааргүй байж чадвал хүмүүс танайхыг сонссоор л байх болно. Гэхдээ ерөнхийдөө хамгийн зохист урт 20-30 минут байдаг аж.
Подкаст эхлүүлэхээс өмнө заавал мэдэж байх зүйлс
Гадны дуу шум. Подкаст бол “хайр татам” контент. Учир нь подкаст байршуулахад танд ямар ч саад тотгор үгүй. Гэхдээ байгууллагын зүгээс бэлдэж буй маркетингийн зорилготой подкастад өндөр чанартай дуу бичлэг маш чухал. Учир нь дуу шум ихтэй байвал хүмүүс дундаас нь орхих магадлал их. Тиймээс подкаст бичих газраа хамгийн түрүүнд бодолцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бичлэг хийх газраа сонгох нь засвар хийх программ, микрофон сонгохоос илүү чухал зүйл. Учир нь орчны шум, цуурай ороогүй бичлэгийн засварлахад илүү хялбар байдаг. Цэвэрхэн бичигдсэн бичлэгийг дараа нь янз бүрээр засварлаж болох бол цаад шум, чимээ орсон бичлэгийг засахад мэргэжлийн өндөр ур чадвар, өртөг ихтэй программууд хэрэг болдог. Тиймээс та бичлэг хийх гэж байгаа газраа сайтар бодолцож, туршиж үзэх хэрэгтэй шүү. Аль болох жижиг цуурайтахгүй газар бичих хэрэгтэй. Болж өгвөл дуу тусгаарлагчтай юм уу хивс хивсэнцэр өлгөсөн газар сонговол зүгээр.
Төлөвлөгөө гарга. Дуугаа бичиж авсны дараа нь зарим хэсгийг хасч, зарим хэсгийг урд хойно нь оруулах зэргээр засвар хийх шаардлага гардаг. Хэрхэн засах нь та подкастаараа сонсогчдод ямар мэдээлэл өгөхийг хүсэж байгаатай холбогдоно. Тийм ч учраас та подкастынхаа дугаар бүрийг бичихээсээ өмнө заавал төлөвлөгөө гаргаж, түүнийгээ дагуу явах хэрэгтэй. Гэхдээ бэлдсэн материалыг шууд унших нь тухайн подкастын сонирхолгүй болгодог тул ерөнхий чиглэл, асуулт, хариултаа гаргаад түүнийхээ л талаар хэт нуршихгүйгээр ярилцахад анхаараарай.
Анхлан подкастеруудын гаргадаг хамгийн том алдаа бол сэдвээсээ хэт хазайх. Тийм учраас подкастаа бичихийн өмнө ямар сэдвээр, ямар дарааллаар, хэрхэн ярихаа бичмэл хэлбэрээр төлөвлөж, хэвлээд түүнийгээ харж ярих нь зүйтэй шүү. Хэрвээ та хэн нэгэнтэй хамт подкастаа бичиж байгаа бол хамтрагчтайгаа хамт төлөвлөгөөгөө гаргасныхаа дараа подкастаа бичвэл цаг хугацаа хэмнээд зогсохгүй танай подкастын чанар сайжрах болно.
Микрофонтой хэрхэн харьцах вэ? Компьютертэй шууд холбогддог USB микрофон хэрэглэвэл зүгээр. Мөн микрофондоо зөөлөвч зүүгээрэй. Энэ нь таны хоолойг илүү цэвэр бичихэд тусална. Мөн түүнчлэн хэрвээ таны дуу шум ихтэй, хүнд амьсгал, шүлсээ залгих зэрэг чимээ бичигдэж, танай подкастыг баллад байвал микрофоноо өөр газар байрлуулан, зайгаа өөрчлөөд нэг үзээрэй.
Хэлбэрээ тодорхойл. Танай подкаст ярилцлага, шинжлэх ухааны сериал, хураангуй мэдээ зэрэг хэлбэрүүдийн аль нь байх талаар бодолцох хэрэгтэй.
Өнгө төрхөө тодорхойл. Подкаст бүрт өөрийн гэсэн өнгө төрхтэй байвал илүү үр дүнтэй байж чаддаг. Монгол хэлээр бэлтгэдэг олон сонсогчтой подкастуудаас жишээ авбал, “54 аяга кофе” подкаст улс төр, эдийн засгийн талаарх мэдээг энгийн үгээр, хөгжилтэй байдлаар хүргэдгээрээ онцгойрч, өнгө төрхөөрөө ялгарч байгаа бол “Unlock” подкаст өөр хоорондоо ялгаатай 3 хүн ярьж байгаагаараа болон сэдвийн хувьд оновчтой, өгөөжтэй байгаагаараа хэрэглэгчдэд сонирхолтой байж чадаж байна. Харин манай “Сошиал медиа маркетераас сошиал медиа маркетерт” подкаст нэрнээсээ эхлээд л сошиал медиа маркетингийн талаар бодит туршлага, жишээгээр баялаг байх зарчмыг баримтлан бэлтгэхэд чиглэн ажиллаж байгаа нь яг энэ сэдвээр бэлтгэн гаргадаг монгол подкаст байхгүй учир сонсогчдод сонирхолтой байж чадах болов уу гэж найдаж байна.
Харин манай “Сошиал медиа маркетераас сошиал медиа маркетерт” подкаст нэрнээсээ эхлээд л сошиал медиа маркетингийн талаар бодит туршлага, жишээгээр баялаг байх зарчмыг баримтлан бэлтгэхэд чиглэн ажиллаж байгаа нь яг энэ сэдвээр бэлтгэн гаргадаг монгол подкаст байхгүй учир сонсогчдод сонирхолтой байж чадах болов уу гэж найдаж байна.
Ая ба ковер зураг. Подкаст бүрт өөрийн гэсэн ковер зураг болон эхлэл болоод төгсгөлийн аятай байх нь зүйтэй. Тэгэхдээ танай подкастын агуулга, дүр төрхийг илтгэж чадах ая, зургийг бэлдээрэй. Ая нь ярилцаж буй сэдэв болон ярианы өнгө аясаас шалтгаалан ямар ч байж болно. Зохиогчийн эрхийн асуудалгүй ая ашиглах хэрэгтэй шүү. Харин зургаа бэлдэхдээ аль болох монгол хэлээр бэлддэг подкаст гэдгээ илтгэхийн тулд монгол үг оруулсан байвал зүгээр. Түүнчлэн олон элемент оролцуулалгүй энгийн зураг бэлдвэл үр дүнтэй байж чадна.
Алдвал, алдсан үгээсээ биш өгүүлбэрийн эхнээс дахин эхэл. Подкаст бичиж байх үед үгээ буруу хэлэх, хэл ам ээдрэх зэрэг асуудлууд гарч болно. Тэгвэл та яг алдсан үгээсээ биш тухайн өгүүлбэрээ дахин хэлээрэй. Хэрэв алдсан үгээсээ эхэлчихвэл засвар хийж байх үед эвгүй таслагддаг болохыг анхаарна уу.
Амьсгаагаа зөв ав. Аль болох хаана амьсгаагаа авахаа сайн мэддэг байх хэрэгтэй. Хоолойны бичлэгийг засахад буруу авсан, микрофон руу хэт үлээсэн амьсгааг засахад тун хэцүү байдаг. Тиймээс амьсгаагаа зөв авахад анхаараарай.
Амны хөндийгөө шүлсгүй байлга. Подкастаа бичихээсээ өмнө хэлээрээ шүд болон амны хөндийгөө цэвэрлэх хэрэгтэй. Мөн хэлээ хоёр хацар руугаа ээлж ээлжээр түлхэх дасгалыг хийгээрэй. Энэ нь таныг цэвэр ярихад туслах болно.
Уух зүйл бэлд. Удаан ярихад ам хатаж, хоолой гарахгүй болох аюултай. Тиймээс бичлэг эхлэхээс өмнө аль болох уух зүйл ойр тавиж байгаад бичээрэй.
Подкастыг ямар программ ашиглан засварлах вэ?
Подкаст бичсэний дараа засвар хийх шаардлага гарч ирдэг. Зарим яриа хэт сунжирсан, зарим хэсэгт бид алдсан байж болно. Түүнийгээ засаж, чанарын хувьд илүү сайжруулахын тулд танд мэргэжлийн түвшинд аудио засдаг дараах 4 программыг санал болгож байна.
Audacity-Үнэгүй, iOS, Windows аль аль дээр нь ажиллана.
GarageBand– Үнэгүй, iOS, Windows аль аль дээр нь ажиллана.
Filmora wondershare– Үнэгүй. iOS Windows аль аль дээр нь ажиллана.
Hindenburg– 95$ iOS, Windows аль аль дээр нь ажиллана.
Подкастын формат
Ихэнх подкастын апп-д mp3 өргөтгөлтэй файл зохимжтой байдаг. Энгийн яриа бүхий подкастыг 96 kbps моно, чимэглэл бүхий дуу оролцуулсан подкастыг 192 kbps стерео bitrate форматтайгаар бэлтгэхийг зөвлөж байна.
Подкастаа хэрхэн онлайнд байршуулах вэ?
Apple Podcasts, Google Podcasts, Spotify зэрэг подкаст апп танай подкастыг илүү олон хүнд хүрэх боломжийг бүрдүүлж өгнө. Гэхдээ эдгээр апп-руу шууд upload хийх боломжгүй байдаг. Тиймээс юун түрүүнд podcast hosting website буюу подкаст байршуулдаг вэбсайт олох хэрэгтэй. Эдгээр вебсайт танд RSS FEED буюу подкастыг дээрх апп-уудруу байршуулах боломж олгох холбоос гаргаж өгдөг. Тус холбоосоор дамжуулан дээрх апп-ууд шинэ подкаст орсон дор нь өөрийн подкаст жагсаалтанд нэмж хэрэглэгчдэдээ хүргэж эхэлдэг гэж ойлгож болно.
Подкаст байршуулдаг /hosting/ 5 апп
Anchor. Хязгааргүй, үнэгүй ашиглах боломжтой.
Podiant. Хязгааргүй үнэгүй ашиглах боломжтой бөгөөд хэрэв та анализ мэдээлэл авахыг хүсвэл нэмэлт төлбөр төлөх хэрэгтэй болдог.
PODBEAN. Эхний 100GB хэмжээтэй 5 цагийн бичлэг үнэгүй байршуулах боломжтой бөгөөд хэмжээнээсээ шалтгаалан сард 9-29$ төлөөд ашиглах боломж бий.
Buzzsprout. Эхний 90 өдөр 2GB хэмжээтэй бичлэгийг үнэгүй байршуулах боломжтой бөгөөд үүнээс цааш хэмжээ болон хугацаанаасаа хамааран сард 12-24$ төлөөд ашиглах боломжтой.
Spreaker. Эхний 5 цагийн бичлэгийг үнэгүй байршуулах боломжтой бөгөөд цаашдаа хэмжээнээс шалтгаалан 6-50$ төлөөд ашиглах боломжтой.
Одоо подкастаа цацдаг апп-уудад оруулах л үлдлээ. Apple Podcast-д подкастаа оруулахын тулд ЭНД, Google podcast-д оруулахыг хүсвэл ЭНД, Spotify-д оруулах бол ЭНД тус тус дарна уу. Цааш нь таныг хөтлөн явах бөгөөд бөглөх ёстой талбаруудыг бүрэн бөглөх хэрэгтэй. Мөн түүнчлэн хүсэлт илгээснээс ойролцоогоор 14 хоногийн дараа танай подкаст нийтлэгдэхэд бэлэн болно.
Сүүлийн үед хурдацтайгаар өсч, олон сонсогчтой болж байгаа подкаст хэмээх энэхүү контент танай маркетингийн шинэ боломж болж чадна гэдэгт бид итгэж байна. Танд амжилт хүсье.