МЭРГЭЖИЛ СОНГОХДОО БИ ЮУГ АНХААРАХ ВЭ?
Ирэх арван жил Монгол Улс болон олон улсад эрэлттэй мэргэжлүүд
Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн Газраас Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл, цаашдын хөгжлийн хандлага, тухайн салбарын ажиллах хүчний багтаамж зэргийг нэгтгэн үзэж, ирэх таван жилд эрэлттэй байх арван мэргэжлийг танилцуулсан байдаг. Үүнд:
- Маркетингийн менежер
- Мэдээллийн технологи
- Өндөр зэрэглэлийн тогооч
- Барилгын инженер
- Авто барилгын инженер
- Гоо сайхны мэс засалч
- Уул уурхайн инженер
- Архитектор
- Геологич
- Төслийн менежерүүд тус тус багтжээ.
Харин олон улсын хэмжээнд ирэх 10 жилд ирээдүйтэй мэргэжлийн хувьд
- Мэргэжлийн сувилагч
- Программ хангамжийн инженер
- Ерөнхий ба үйл ажиллагааны менежер
- Санхүүгийн менежер
- Удирдлагын шинжээч
- Зах зээлийн судалгааны шинжээч, маркетингийн мэргэжилтэн
- Менежер
- Эмнэлгийн болон эрүүл мэндийн үйлчилгээний менежер
- Эмч, мэс засалч
- Компьютер, мэдээллийн системийн менежер багтжээ. /эх сурвалж ikon.mn вэб хуудас/
Мэргэжлээ сонгохдоо дараах зүйлсийг зайлшгүй анхаараарай.
Өөрийн хүсэл сонирхолыг 1-т тавих нь хамгийн зөв юм гэдгийг олон ч алдартай хүмүүсийн түүх намтар харуулдаг. Хэдийгээр гадаад, дотоодын хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлттэй мэргэжлүүдийг харах нь чухал ч нөгөө талд хувь хүний үзэл бодол, зан араншинд тохирох мэргэжил аль нь вэ гэдгийг судалж сонголт хийх хэрэгтэй.
Би ямар сургуульд орох ёстой вэ? Би ямар мэргэжлийг сонгох хэрэгтэй вэ? Одооноос 10, 20, 50 жилийн дараа би сэтгэл хангалуун байхын тулд ямар түвшинд хүрэх ёстой вэ? Би юун дээр голлох ёстой вэ? гэсэн асуултуудын хариултыг зайлшгүй бодож үзэх л хэрэгтэй.
Та мэргэжлээ сонгохдоо дараах зүйлсэд анхаарлаа заавал хандуулаад үзээрэй.
- Өөрийн хүсэл сонирхол. Хүн дуртай зүйлдээ цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулахад бэлэн байдаг. Амжилтанд хүрсэн алдартай хүмүүс ч үүнийг дахин дахин сануулж, бичиж, ярьсаар л байна. Хэрвээ сонирхдог зүйлээ олж амжаагүй бол өөрийгөө нээхэд цаг зарцуулах ёстой гэсэн үг. Өөрөөр хэлбэл сонирхлоо олохын тулд илүү их зүйлийг туршиж үзэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
- Мэргэжлийн онцлог болон сургуулиуд. Энэ бол тухайн мэргэжлийн үндсэн шинж эсвэл гол нөлөөлөх чадваруудыг харгазан үзэх юм. Тухайн хүүхдийн зан араншин болон онцлогтой хэрхэн нийцэх, эсвэл хэр зэрэг ойр вэ гэдгийг мэдэж сонголт хийхдээ харгалзах гэсэн үг юм. Мөн тухайн сонгон суралцах гэж буй мэргэжлийнхээ давуу болон сул талыг зайлшгүй судалж үзэх нь ирээдүйд тухайн мэргэжлээр гүнзгийрүүлэн суралцах, баталгаат ажлын байранд орох, тухайн чиглэлээс ойролцоо аль нь салбарлуу хөрвөхөд илүү давуу талтай байх болно. Энэ нь сонгон суралцах гэж буй сургуулиа сайтар судлана гэсэн үг юм. Тухайлбал таны сонгосон сургууль тань гадаад болон дотоодын ямар ямар сургууль, мэргэжлийн байгууллагуудтай хэдий хугацаанд хамтран ажиллаж, ямар хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн зэргийг судлана гэсэн үг юм.
- Тусламж авах. Та мэргэжлээ сонгохын тулд тодорхой хэмжээнд мэргэжлийн карьер зөвлөх, болон боловсролын зөвлөхүүдээс зөвлөгөө мэдээлэл авах хэрэгтэй. Хэдийгээр Монгол улсад сургууль бүрт карьер зөвлөх байхгүй ч гэсэн. Олон улсын байгууллага болон иргэний нийгэмийн зарим байгууллагууд мэргэжил сонгохтой холбоотой зөвлөгөө мэдээлэл материалыг гаргасан байдаг. Мөн гадаад хэл дээр олон улсын боловсролын зөвлөхүүд болон их сургуулиудаас гаргасан ном материалыг олж уншихаас гадна тухайн мэргэжлээр ажиллаж буй хүмүүстэй уулзах нь нэг талаар илүү сайн зөвлөгөө болох талтай.
- Сонголтоо бас дахин нягтал
- Ирээдүйд карьерийн хувьд надад ямар ажил тохиромжтой вэ?
- Энэ миний сонгосон мэргэжил энэ тал дээр надад тус болох уу?
- Миний бакалаврын сургалтанд яг ямар сургууль тохиромжтой вэ?
- Энэ сургууль миний сонгосон мэргэжлээр сайн хөтөлбөр санал болгодог уу?
- Миний сонгосон мэргэжил миний чадвар, үнэт зүйл, сонирхол, хүсэл тэмүүлэлтэй нийцэж үү?
- Би сонгосон мэргэжлийнхээ сул талыг олж тогтоосон уу?
Ингээд нийтлэлийн төгсгөлд урам зориг өгдөг гайхалтай түүхүүдээрээ дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийг амьдралдаа амжилтанд гаргахад сэдэл, урам, хүч, зориг өгсөөр байдаг алдартан Боб Проктерийн “Амжилттай мэргэжил бүр МӨРӨӨДЛӨӨС эхэлдэг” гэсэн үгийг танд зориулъя.